-->

Хятадын хөрөнгийн урсгалыг хатуу хянахыг Япон уриалав

Хятадын валютын ханшийг тогтворжуулж, мөнгө гадагш урсах явдлыг багасгахын тулд Бээжингийн зүгээс хөрөнгийн урсгалд хатуу хяналт тогтоохыг Японы Төв банкны тэргүүн Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр уриалав. Дэлхийн эдийн засгийн удирдагчид 2016 оны зах зээлийн хэтийн төлөвийг өөдрөг төсөөлж буй нөхцөлд зах зээл хэвийн байдалдаа эргэн орох хүртэл түр хяналт тогтоох тухай ноён Харухико Күродагийн саналыг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард ч зөвшөөрч байгаа юм.

Давост болсон эдийн засгийн чуулганы хаалтын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ ноён Курода хөрөнгийн урсгалд хяналт тогтоох нь Бээжингийн хувьд валютын нөөцөө хадгалж үлдэн, юанийн ханшийг тогтворжуулж, улмаар дотоодод хэрэглээг өсгөх бодлого хэрэгжүүлэхэд тустай хэмээн зөвлөв.

БНХАУ-аас 2015 онд 700 тэрбум ам.доллар гадагш гарсан нөхцөлд тус улсын компаниуд ханш унасан юаниас шалтгаалан гадаад зээлээ төлөхөд хүндрэлтэй болсоор байна. Ийм нөхцөлд хөрөнгийн урсгалд хяналт тогтоох нь экспортод түшиглэлгүйгээр эдийн засгаа тэнцвэржүүлж, дотоодын хэрэглээг өсгөх боломж олгоно. Ноён Күродатай санал нийлж буй, эсэхийг асуухад хатагтай Лагард толгой дохисон. Гэвч “Валютын нөөцөө асар их хэмжээгээр ашиглах нь зөв санаа биш” хэмээсэн.

ОУВС-гийн хувьд хөрөнгийн урсгалд хяналт тогтоох нь эмзэг асуудал. Учир нь тус сан өнгөрсөн онд юанийг америк доллар, евро, фунт стерлинг, иенийн хамтаар түгээмэл, чөлөөтэй хэрэглэгддэг валютын элит сагсанд багтаахаар шийдвэрлэсэн. Хэрэв хяналт тогтоовол юань дээр дурдсан хоёр нөхцөлийн алинд нь ч тохирохооргүй болно.

Үүний зэрэгцээ Хятад улс валютынхаа ханшийг сэм унагах нууц төлөвлөгөө хэрэгжүүлэх бодолгүйгээ дэлхийн санхүүгийн зах зээлд нотлон харуулах ёстой гэж ОУВС-гийн тэргүүн анхаарууллаа. Зах зээл, арилжааны түншүүдийн хувьд элит сагсанд багтдаг валюттай харьцах юанийн ханшийг тогтоох бодлого ил тод, ойлгомжтой байх шаардлагатай талаар тэрбээр тайлбарлав.

Хятадын засаг захиргаа валютын ханшаа тогтоохтой холбоотой бодлогоо санхүүгийн зах зээл дээр тодорхой мэдээлэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн нь Давосын чуулганы үеэр хөрөнгө оруулагчдыг бухимдуулсан. Энэ онд зах зээл савлана гэсэн таамгийг дэлхийн эдийн засаг аажим сэргэх хандлагатай байгаатай холбогдуулан хэт болгоомжлол хэмээн Давосын чуулганы төлөөлөгчдийн олонх үзэв. Зах зээлүүд Хятадын хувьд байдал ноцтой, дэлхийн эдийн засаг суларна хэмээн таамагласан нь хөрөнгө оруулагчдын хэт түгшүүрээс үүдэлтэй хэмээн Credit Suisse-ийн ерөнхий захирал Тижан Тиам тайлбарлав.

Тэрбээр дэлхийн санхүүгийн тогтолцоонд хөрөнгийн хөрвөх чадвар дутагдалтай байгаагаас зах зээлийн өсөлтөд зогсонги хандлага ихэсч буйд илүүтэй анхаарлаа хандуулах ёстой гэж үзсэн. Ноён Күрода ч “Дэлхийн эдийн засагтай холбоотой гутранги үзэл бодлыг хуваалцмааргүй байна” хэмээн өгүүлсэн юм.

Крис Жилс

Contact us

  • Phone: 976+70100001
  • Fax: 976+70100002
  • Email: info@koreastandard.mn

Address

  • 87 - Ajilchinii street, Chinggis avenue, Khan-Uul District
    Ulaanbaatar, Mongolia
Top