-->

Налайхын замыг зургаан эгнээтэй болгоно

Энэ онд дөрвөн гүүрэн байгууламжийг шинээр барина. Нийслэл 2016 онд 89 төсөлд шууд хамтарч ажиллахаар харьяа газруудтайгаа болон есөн дүүргийн Засаг дарга нартай даваа гарагт үр дүнгийн гэрээ байгууллаа. Нийслэл хотын хувьд өнгөрсөн оны орлогын төлөвлөгөөгөө 10 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Энэ оны хувьд 700.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Үүнээс нийт зардлын 300 орчим тэрбумыг нь нийгмийн халамж, нийтийн тээврийн салбарт зориулан гаргах бөгөөд хотын төсвөөс 203 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ жилийн хувьд гол төлөв нийгмийн асуудал руу чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхээр болжээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэг шинээр барих, хүрээлэн буй орчныг тохижуулах, зам, гүүр, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлуудад анхаарах юм байна. Харин улсын төсөвт 68 тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилго тавьжээ.

Энэ жил нийслэл 426.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээ зарласан. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хотоос зарлах хөрөнгө оруулалтын бүх ажилд манай хувийн хэвшлийнхэн саналаа илэрхийлээд хамтарч ажиллах боломжтой. Хотод ийм төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналаа Улаанбаатар хотын танхимд тавибал цаашид бүтээн байгуулалтын төсөлд тусгаад явах боломжтой болно” гэлээ.

Тэрчлэн хотын төсвөөс 102 тэрбум төгрөгийг зөвхөн халамжийн санд, 53 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хөнгөлөлтөд зарцуулж байгаа нь маш том ачаа болж байгаа аж. Учир нь энэ мөнгийг Засгийн газраас гаргадаг байсан бөгөөд нийслэлийн төсөвт үүрүүлсэн нь өөр олон ажлыг хойш татах болсон хэмээн тэрбээр нэмж хэллээ.

    Цэвэрлэх байгууламжийг засварлах ажлыг эхлүүлнэ

Дэд бүтцийн салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөж, дөрвөн гүүрэн байгууламжийг барих юм байна. Тодруулбал, Замын цагдаагийн газрын уулзвар дээр Нарны гүүр шиг гүүр байгуулах бол одоо түр гүүрээр ажиллаж байгаа Яармагийн гүүрийг хос гүүр болгохоор төлөвлөсөн байна. Энэ хоёр гүүр барих ажлын гэрээ хийгдэж, ажил эхлэхэд бэлэн болсон аж.

Харин дараа нь Сонсголонгийн зам болон Баянзүрхийн товчоонд шинээр гүүр тавихаар зэхжээ. Энэхүү томоохон ажлыг Хятадын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хийх юм байна. Түүнчлэн АСЕМ уулзалтын хүрээнд таван зам шинээр тавих юм байна. Их Монгол уулзвар болон Гандигийн гудамжийг бүрэн шинэчлэх бол Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх 17.7 км замыг зургаан урсгалтай болгож, шинэчлэх аж.

Өнгөрсөн лхагва гарагт болсон “Улаанбаатар худалдан авалт-2016” чуулга уулзалтын үеэр ногоон хөгжлийн асуудлыг чухалчилж байсан. Тэгвэл нийслэл энэ онд утааг буруулахад онцгойлон анхаарч ажиллана гэдгийг нийслэлийн Ногоон хөгжил, экологийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Улаанбаатар хотын ойг хамгаалах зорилгоор жилд нэг сая гаруй мод, үржүүлгийн ажил хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө эхлүүлж, батлуулах шатандаа явж байгаа нь томоохон ажил юм.

Мөн агаарын бохирдлыг бууруулахад шинэ арга барилаар ажиллана. Жишээлбэл, таримал ойгоос том мод авчирч суулгах юм. Энэ нэг их том ажил биш мэт харагдах боловч нийслэлчүүдийн хувьд хамгийн хэрэгцээтэй зүйл мөн. Бас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэх, гэр хорооллын айлуудын цахилгаан эрчим хүч дамжуулах станцыг сайжруулах, нүүрсээр галладаг сургууль, цэцэрлэгүүдийг цахилгаанд холбох гээд дэд бүтцийн ажилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Цөлжилтөд өртөж байгаа бэлчээрийг сайжруулах томоохон төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байна. Энэ онд багтаж цэвэрлэх байгууламжаа засварлах ажлыг эхлүүлэх гээд олон зүйл төлөвлөсөн” гэлээ.

Холбоо барих

  • Утас: 976+70100001
  • Факс: 976+70100002
  • Имэйл: info@koreastandard.mn

Хаяг

  • Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө , 3-р хороо Ажилчны гудамж -87
Top